Nov 20, 2009

ХЭЛНИЙ ДАЙН

“Өнгөт ертөнцид сайхан газар олон буй,

Өлгий нутгаас минь сайхан газар үгүй.

Эрдэм сурахад хэл бүхэн сайхан буй,

Эх хэлий минь гүйцэх сайхан хэл байхгүй.”

Б. Ринчен

Ээжийн минь сайхан хэл. Эх хэлээ хайрладаггүй хүн, эх орноо хайрладаггүй хүн бол хүн биш. Эхийн хэвлийд байхаасаа аялгуу сайхан эгшгийг нь сонсож ээжийнхээ хэлний тансагийг мэдэрсэн тэр л агшин бол хүний хамгийн сайхан үе байдаг биз ээ. Хүүхэд эхээсээ гараад уйлахдаа эхийнхээ хэлний аялуугаар уйлдаг гэж байна. Тэгэхээр эх хэлээ, ээжийнхээ хэлийг эхийнхээ хэвлийд олдохоосоо эхлэн сурдаг байна. Японд атомын бөмбөг хаясан бол Монголд минь англи хэлний бөмбөг хаясан байна. Инг хэл ч юу байхав, ер аливаа гадаад хэлийг сурсан юм шиг сурах хэрэгтэй. Түүнээс биш нэгий нь нөгөөдүүлийн дээр тавьж, илүүд үзэх бол хэрэггүй. Аль ч хэлээр сайхан эрдмүүд бичээстэй байгаа. Саяхан зурагтаар нэг намын дарга бил үү юу ч билээ дээ, нэг хужаа толгойтой эр ярих нь: кирилл бичиг авахаар орос болчихдог гэнэ, монгол бичиг авахаар хятад болчихдог гэнэ, тэгэхээр латин бичиг аваад америк болох юм байх. Нам гэж ер юу юм бэ? Нам хуйвалдаж эх орон дуусгаж буй хулгайчдын хуйвалдаан шүү дээ. Арсланхот (Сингапур) улсыг хар л даа, хорь гучхан жилд мандсан байхад манайх хорь хүрэхгүй жил дотор сөнөж байна. Дөчин мянгатын хэдэн хулгайчуудаас нэг ганц болж байна аа. Гудамжны хармааны хулгайчид төрийн толгойд гарч улс орныг дуусгаж байна. Хулгайч бол хулгайч л байдаг. Монголчууд турж үхэж байна шүү дээ. Энэ хэлмэгдүүлэлтийг одоо хариуцах улс нь хүлээх цаг болсон.

ҮЙЛЪҮГ

Аливаа хэлэнд хамгийн чухал юм нь үйлъүг байдаг. Энэ үйлъүг гэдгийг бусад үгэс нь тойроод л уяатай ботго шиг эргэлдэж байдаг. Инг хэл сурахад хамгийн түрүүн авианзүй гээчийг гараас гаргах хэрэгтэй юм шиг ээ. Яагаад гэвэл, таныг хир цэвэрхэн ярьж байна гэдгээр тань Инг хэл гадарладаг эсэхийг тань мэддэг. Таны ярьсныг нөгөө хүн ойлгох, та нөгөө хүний ярьсныг ойлгоход энэ авианзүй гэдэг тус болох ёстой. Манай ерөнхийлөгчийн ярьсныг Оросын ерөнхийлөгч ойлгохгүй дахин дахин хазайгаад чихээ тавиад чагнаад байсан нь үүний нэг гэрч биз ээ. Авианзүйг гараас гаргасан байхад үг тогтоох нь хүртэл амархан байдаг гэсэн.

Инг хэлний үйлъүг нь цагийн хоринзургаан хэлбэртэй гэж байгаа. Зарим нь хоринзургаан цагтай энэ тэр гэж цэцэрхэх юм билээ. Орчлон маань өнгөрсөн одоо ирээдүй гэсэн гуравхан цагтай байхад хаанаас ч хоринзургаан цаг гаргадаг байна. Цагийн хоринзургаан хэлбэр гэж ярих ёстой. Хоринзургаа гээд нийлүүлж угсарч бичих, хорин зургаа гээд салангид ангид бичих хоёр шал ондоо утгатай гэж байгаа. Сүүлчийнх нь хорин ширхэг зургаа буюу зуунхорин цагийн хэлбэртэй болж таарна. Бид ч яахав дээ, буруу ярьж зөв ойлгодог улс юм чинь, энэ бол юу ч биш.

Инг хэлээр үйлъүгийг VERB гэдэг. Толибичигт өгсөн үйлъүгийн хэлбэрийг толибичгийн хэлбэр буюу V гэж тэмдэглэе. Eat = идэ- гэдэг нь толибичгийн хэлбэр буюу V = eat гэсэн санаа юм. Инг хэлний үйлъүг үндсэн зургаахан хэлбэртэй байдаг V1 = үйлъүгийн толибичгийн хэлбэр; V2 = үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэр; V3 = өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал; V4 = одоо цаг бүхий үйлт хавсрал; V5 = үйлъүгийн одоо цагийн хэлбэр; V6 = үйлъүгийн to-тэй хэлбэр. Аливаа үйлъүг ийм зургаанхан үндсэн хэлбэртэй байх бөгөөд энэ зургаагаас өөр хэлбэр тааралдахгүй. Ямар ч үйлъүгийг толь бичгээс аваад л энэ үндсэн зургаан хэлбэрийг үүсгэж чаддаг байх хэрэгтэй. Дараа нь үйлъүгийн цагийн хоринзургаан хэлбэрийг гараас гаргасан байхад юм уншина гэж үзнэ шүү. Цагийн энэ хоринзургаан хэлбэрийг гартаа оруулаагүй цагт ном мом барьсны хэрэггүй биз ээ. Хамаг цагаа барахын нэмэр.

Оюутнуудын дунд амнаас ам дамжин явдаг тархмал түгмэл явдаг нэг явган яриаг Драгункины номоос буулгаж үзүүлбэл:

The more we study, the more we know.

Бид юмыг их л сурах тусам, бид юмыг улам л их мэдмүй.

The more we know, the more we forget.

Бид юмыг их л мэдэх тусам, бид юмыг улам л их мартмуй.

The more we forget, the less we know.

Бид юмыг их л мартах тусам, бид юмыг улам л бага мэдмүй.

The less we know, the less we forget.

Бид юмыг бага л мэдэх тусам, бид юмыг улам л бага мартмуй.

The less we forget, the more we know.

Бид юмыг бага л мартах тусам, бид юмыг улам л их мэдмүй.

Why study? – Тэгвэл юм сурч үхсэнээ хийнэм.


Дагестаны Ардын яруу найрагч Абуталиб Гафуров гэж нэг их гарын сайн эр байсан байна. Москвагийн гудамжаар тэнэж яваад нэг англи хүнтэй таарч гэнэ. Абуталибын хэлснийг тэр гаднын хүн ойлгосонгүй гэнэ. Өөөрийнхөө гадарладаг хоёр гурван хэлээр шалгаасан юм байх. Абуталиб мөчөөгөө өгсөнгүй, орос энэ тэр хоёр гурван хэлээр хариу барьсан юм байх. Ганц хоёр Инг үг халтарладг нэг дагестан нөхөр Абуталибыг англи хэл мэдэхгүй боловсролгүй хоцрогдсон гэдэг нь хэмээн загнасан юм байх. Тэгэхээр нь Абуталиб, тэр англи эрийн боловсрол гэж юу байгаа юм бэ, миний ярих гэж оролдсон хоёр гурван хэлээс нэгий нь ч мэдэхгүй юм байсан шүү дээ гэж даагаа нэхсэн юм байх. “Надад бол хүн ардын хэл нь тэнгэрийн одод шиг санагддаг. Бүх од нийлж тэнгэрийн талыг эзэлсэн нэгэн том од болоосой гэж би боддоггүй. Түүнийг орлоод наран байна. Одод бас тус тусдаа гийж байг. Хүн бүр өөрийн одтой байг. Би өөрийнхөө одонд хайртай. Миний од бол Авар эх хэл минь юм.” Гэсэн гэдэг. Түүн шиг миний од бол ээжийн минь хэл, Монгол эх хэл минь билээ.

No comments:

Post a Comment