Apr 24, 2010

МИНИЙ ҮЕ Р.Чойном

Оршил

Даван туулсан амьдралын минь он жилүүд

Даваа гүвээ уул нуруу шиг цэнхэртээд,

Өсөх нас минь тэртээ цаана нь

Өмнийн дулаан хязгаар шиг сүүмэлзэнхэн үлджээ.

Нарлагхан талдаа хулан тахь шиг өссөн

Найз нөхөд минь өвгөд эмгэд болцгоолоо.

Найраг шүлгийн минь эрээн цоохор хуудсууд

Намайг тэднээс эчнээ далдуур заагласаар байнам.

Танхил багын минь найзууд

“Та” гэж дуудан хүндэлж

Хүйтэн хуурай малгайг эгэл толгойд минь өмсгөжээ.

Энэ чинь та нарын толгойны ижил толгой

Эрхим титмийг ч биш

Эх нутгийн салхийг өмсөж өссөн толгой.

Гэтэл намайг гэм буруугүй

Гэнэн хөнгөн зангүй,

Гэр бүлийн явдал гэж жижгэрэхгүй

Тусгай төрсөн өөр хүн шиг үзэж,

Туг шиг ихэмсэг, тамга шиг хатуу

Үхсэн юм шиг амьгүй эд шиг бодно уу?

“Үгүй” би амьд хүн, амьд хүний юм бүхэн надад бий.

Амьд хүний юм бүхэн надад хэрэгтэй.

Амьдралаар нь амьдарч, зовлонгоор нь зовж

Алдаж онож, баясаж гомдож явнам.

Хүн хүнээс онцгой байх гэж

Хүний ертөнцөд төрсөн юм биш.

Хазгай бүхний нь тэгшлэх гэж

Хатуу хорвоод ирсэн юм биш.

Хувилгаан хэрэгтэй болоод бурханы орноос уригдаж ирээгүй,

Хулгайч хэрэгтэй болоод чөтгөрийн орноос баригдаж ирээгүй.

Хүн хэрэгтэй болоод хүний дунд өөрөө ирсэн юм,

Хүндийг нь үүрэлцэх гэж хүйтэн хорвоод өөрөө ирсэн юм.

Хамгийн эгэл амьдралаар амьдрах гэж ирсэн юм,

Халуунд халж, хүйтэнд хөрөх гэж ирсэн юм,

Хайрлаж хайрлуулж, бас хаягдаж хараалгах гэж би төрсөн юм.

Дан магтаалаар даварч явах гэж төрөөгүй юм,

Дарга даамал болох гэж даварч гуйх гэж төрөөгүй юм,

Дарлуулж биеэ тоогоод зэвэрч хэвтэх гэж төрөөгүй юм.

Багадаа гутал олдохгүй хөл нүцгэн гүйх гэж

Бага сургуульд харандаа дутаж шорооноос бал түүх гэж,

Багийн хурал дээр өрх төлөөлж очоод загнуулах гэж,

Баянтүмэнд ноос угааж, өлсөж бөөстөх гэж төрсөн юм.

Шүлэг гэдгийг толгой дотроо өрөөстэй төрөөгүй

Шүлэг бүтээх гэж шүлэг шиг насаа үрэх гэж төрсөн.

Шүүмжлүүлж гутарч, зоригжих гэж төрсөн.

Шүр сувд шиг, хутга алх шиг үгээ

Шүүн тунгаах нхүмүүст өгөх гэж төрсөн юм.

Хүний унаа царайчилж, гараа өргөх гэж төрсөн юм,

Хүүхэнд дурлачихаад, олигтой хувцасгүй гунихарах гэж төрсөн юм.

Хүнд гунигаа мартагнан хөлчүүрхэх гэж төрсөн юм,

Хүсэл ихдэж, бие багадаж зовох гэж төрсөн юм.

Ажиггүйхэн явахдаа хүний идэш болох гэж

Амаа сүүлд нь барих гэж төрсөн юм,

Авгайчуудын хов живэнд өртөх гэж төрсөн юм,

Айлын охиныг чангааж эхэд нь загнуулах гэж төрсөн юм.

Сайхан залуу яваад муухай өвгөн болох гэж төрсөн юм,

Сайн ханиасаа салаад өнгөрсөн хойно нь ойлгох гэж төрсөн юм,

Сар шиг нөхдийнхөө үхэхийг үзэж уйлах гэж төрсөн юм,

Санаагаар болдоггүй хорвоогийн энэ бүгдийг амсаж шүлэглэх гэж төрсөн юм.

Элгэн төрөл болсон хүмүүс та нартайгаа

Энэ бүхнээ хуваалцаж яваагаа, эсгий гэрт аж төрж явган гуйж яваагаа

Эрхим дээд гавьяа гэж үзнэм би.

Хүмүүсийг уйлж байхад инээж суугаагүйн гавьяа

Хүнд бэрх өдрүүдэд нь жаргаж хэвтээгүйн гавьяа,

Хүйтэнд хөрч явахад нь халуун өрөөнд заларч

Хүнгэнэсэн тэргээр дайрчих шахаад өнгөрч яваагүйн гавьяа.

Эцсээ хүртэл ард түмэнтэйгээ цуг байж

Элэг бүтэн сэтгэл өег нөхцөнө би.

Эх оронтой, ард түмэнтэй яруу найрагч явсных

Энэ найраглалыг гэрч гэгээ болгон үлдээе!!!

НЭГ. ЗҮҮД

Хаврын урины өмнөхөн

Хайрам хүйтэн тал дунд,

Харанхуй шөнийн түгшүүр зарлаж

Хар нохой улин хуцна.

Үүр гийхийн өмнөхөн агшинд

Үнэгэн харанхуйг гэнэт цочоож,

Үхээрийн бузар муу ёроор

Өлгийтэй нялхас уйлан чарлав.

Тал нутгийн хатуу амьдралд

Тааны толгой шиг тохиодог

Тачирхан жаргалдаа дулаацсан эцэг

Тамшааж хөрвөөгөөд сэрж ядахад

Хорин зургаатай эх

Хонин дээлээ нөмрөнхөн,

Өвдөг нугалан сууж

Өвлийн жаварт чичрэнхэн

Уйлсан хүүгээ элгэндээ тэвэрч

Уяхан хоолойгоор бүүвэй аялан,

Хөхний сүү хүүгийн нүдэн дээгүүр

Хөх тэнгэрийн заадас шиг цайрав.

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй

Бүдэгхэн төвөргөөн тодорсоор

Дөрөө хангинаж, нохой гаслаж

Дөрвөн хүн ороод ирлээ.

Хормой хотоор хүйтэн жавар

Хоймор алгадаж дэн унтраав.

Бушуул! Гэрэл! гэж зандран

Бууны замаг тачигнав.

Өөдөөс ангайх бууны аман дээр

Өнчин шүдэнз чичигнэхэн асав.

Өвч зэвсэгтэй дөрвөн эр

Өндөр дуугаар зандчин тушаав:

Алин ч гэсэн бүү хөдөл!

Ам нээж бүү дуугар!

Дохиж зангаж гар хөдөлгөвөл

Дор чинь нам буудна!!!

Ардын засгийг төлөөлж бид

Ангийн дайсантай тэмцэж явна!

Ариутган цэвэрлэж устгаж явна!

Алив гэрий нь нэгж!!!

Хамаг юмы нь өөд уруу

Хамхичиж онгичиж нэгжив.

Хайрцаг шүүгээ авдар савыг

Хайр найргүй уудлав.

Үнэтэй өнгөтэйгий нь авцгаав,

Үлдсэн бүхнийг нь гишгэлэв.

Үүр цүүрийн харанхуйгаар

Гэрийн эзнийг баривчлав.

Яалаа гэж энэ вэ? гэвэл

Яс чинь гарна гэж загнав.

Хорхойд хоргүй явсан сан гэвэл

Хохь чинь гэж загнав.

Холхиндог гуталтай хэвээр

Хоёр нүдий нь боогоод,

Нөмөрсөн дээлий нь хэвээр

Нөмгөн өмсгөөд гарав.

Арван хуруугий нь бадайртал

Ард нь гары нь хүлээд,

Дуу шуугүй мордуулж

Дундаа хийгээд одов.

Өрөвдсөн зүрхний бор хальсан дээгүүр

Өм цөм гишгэлэх мэт,

Хүлүг морьдын хайр найргүй туурай

Хөр цасыг цоо гишгэлээд одов.

Эхнэр хүний шанаавч сувдны оронд

Эх хүний нулимс зам татуулж бөмбөрөв.

Хацар дээгүүр зам татуулсан нулимс шиг

Хатуу газар дээгүүр морьдын мөр зурайж одов.

Бэх шиг тас хар гэзэгтэй

Бэрх цагийн цэцэг болсон эх

Энэ явдлын амьд гэрч болсон үрээ

Элгэндээ тэврэнхэн үлдэв.

Ширхэг ч цагаан үсгүй толгойд нь

Ширхэг ч хар санаагүй ухаанд нь

Ардын нам хувьсгалт засагт

Амаан ангайн гайхсаар хоцров.

Даатгаж залбирах бурхан ч үгүй

Дав заалдах засаг ч үгүй,

Хөдөө, хүн чулуу шиг зогсож

Хөрөнгөө хураалгаж байхад,

Толгодын цаана буун дуу гарч

Толгой дараалан буудуулсан

Гэлэнгүүдийн, лам нарын, эцгүүдийн

Гэмгүй цус гол горхи шиг урсав.

Хувьсгалт төрд муу санаагүй

Хуучин төрд зүтгэж яваагүй,

Ард түмэнд ч мууг хийгээгүй

Анги нийгэм гэж мэдээ ч үгүй,

Гагцхүү дорно дахины соёлыг

Гайхамшиг гэж шүтсэний нь учир

Энэтхэг Түвэдийн хэл бичгээр

Энэхүү соёлыг судалсаны нь учир

Гар хоосон бүх эрдэмтэдийг

Галт зэвсгээр цус урсгаж цаазлав.

Үсэг бичиг мэддэг бүхнийг

Үг өчиггүй жагсааж буудан хороов.

Гурван зуун илүү жил бүтээсэн

Гурван зуун илүү сүм дуганыг

Гучаад онуудад багтааж

Дөчөөдхөн хүн устгав.

Урлан цутгасан алтан шармал бурхадыг

Утас ороосон магнаг торгон хатгамалуудыг

Унжилга, хэлхээ, эрдэнэ, сувд, шүрүүдийг

Улаан шар хамба хилэн өмсгөлүүдийг

Элдэв хэрэглэл, хөгжим, бар зургуудыг

Эмийн жор, гүн ухааны судруудыг

Түм түмээр нь шатаав,

Түүх алдар хоёроо цуг шатаав.

Энэ чинь юу болж байна аа?

Эрх чөлөө гэж энэ үү?

Дуугарсан бүхэн буруутаж,

Духандаа сум зоолгох гэж үү?

Хувцсаа сольж өмссөнийх нь зол болж

Хуудуугүй үнэнээр явсаных нь хохь болж

Хувьсгал гэдэг маань ард руу шагайсан

Хурдан буу юм гэж үү?

Олон зууны соёл руу шаасан

Орос хутга юм гэж үү?

Хэлж өгөөч ээ гэж хүн бүхний зүрх

Хэнхэдгэн дотроо чимээгүйхэн хашгирна.

Гэвч хариулах хүн байсангүй

Гэгээн үнэн болсон Лениний ботиудыг

Итгэж цөхөрсөн монгол байтугай

Ихэнх орос уншаагүй байлаа.

Хүн ардад сайн сайхныг хүсч

Хүндэт Лениний амнаас гарсан үг

Хүйтэн хатуу Монголын тал нутагт

Хүрч ирлээ, орос хүнээр дамжиж.

Буу сэлэм хоёрын хүчээр

Бурхан хүн хоёр луу нэвтэрч

Тэгээд ... үүр шөнө хоёроор туугдаж

Тэгж ирээгүй тэр хүн аав минь байсан юм гэдэг.

Тэврүүлээд хэл мэдэхгүй бархиран үлдсэн тэр жаал би байсан юм гэдэг.

Эх орны минь түүх ингэж зүүдэлсэн юм гэдэг.

Эндэгдэлийн он жилүүд тэгэж улирсан юм,

Эдүгээ миний үеийнхний өнчирлийн шархыг

Эргэх цаг зузаан хуудсаараа боосон байна.

Харин аав минь ганцаараа үрэгдээшүй болохоороо

Харанхуйд би ганцаараа үлдээгүй болохоороо

Хааяа хааяа хэн нэгний сэтгэлийн шархнаас

Хар цус ганц нэгхэн дуссаар байна.

ХОЁР. БАГА НАС

Хатуу өвлийн есөн есийг тэсч

Хаврын их шуургыг даваад

Дуулим талын хуурай хөрсөнд

Дуртайдаа ургадаг тачирхан өвс шиг

Тэр үеийнхний минь бага нас

Тэнгэрийн зүүдэнд багтаагүй юм.

Тэсвэр хатуужлын үтрэмд нунтаглууланхан өссөн юм

Өнөөгийн хүүхэд тоох ч үгүй

Өлмий доорхи чулуутай адил үзэж

Өшиглөж орхидог ёотонг бид

Өвлийн урт шөнө зүүдлэнхэн өссөн юм.

Арьсан нэхийг дотуураа жийрэггүй өмсөж

Адууны махыг давс холилгүй идэж

Айлын нутаг дээрээс олсон шаазангийн хагархай

Алаг чулуу хоёроор тоглож өссөн юм.

Тэр үед хөдөө нутагт ном дэвтэр байсангүй

Телевиз, кино зураг, телефон, радио, уурын тэрэг байсангүй

Тэр үед энэ үеийн юм бүхэн байгаагүй

Харин ганцхан юм байлаа.

Хаа ч очиж өнөөгийн хүүхдэд гайхуулмаар

Хавийнхныхаа юмыг хүндэлдэг

Хайрладаг үзэл бүгдэд минь байлаа.

Бүгдээрээ бид бие биенээ танихгүй ч гэсэн

Бүл гэр цугтаа юм шиг адилхан

Бүдүүн улаан гурил идэж, өлсөж цангаж

Бүхэл зундаа хөл нүцгэн гүйж

Хүзүү толгойгоо үлдэнд идүүлж

Хүнээс нууж, уншлагатай өвгөнөөр сан тавиулж,

Улаан эсэргэнэ, салхин цэцэг, хамуу, томуугаар

Удаа дараалан өвдөж сэхэж өссөн юм.

Хөөрхий бага нас минь

Хөлбөрөн эргэх хувь заяандаа даатгаж,

Хөдөөгийн уул талын дунд

Хөдсөнд боолттой өссөн алтанхан бага нас минь ээ!

Тэртээгийн дайны хар тугалга мэт сүүдэр

Тив дамнаж бор гэрийг минь дараад,

Хөөрхий аавыг маань буудсан тэр буунуудын ам

Хөшгөн утаан дундаас наашаа өнгийж байлаа.

Эмгэд өвгөд цайны идээгээр гачигдаж

Эрчүүд харчууд татах тамхиар дутагдан

Хүүхэд амттанаар өлсөж

Хүүхнүүд амраглалаар цангаж

Зовлон жаргал хоёрыг зах дээр

Зоос мөнгөөр зарж байсан цаг,

Морьт отряд Японы танкны урьдаас

Модон буу үүрээд жагсаж байсан үе.

Зорге гэтэл танкийг байтугай

Японыг зогсоогоод өөрөө дүүжлүүлсэн юм.

Телемеханик залууртай хүнгүй танк ирсэн бол

Тэгэхэд ер нь юу болох байсан бол...

Улнаас хиншүү гартал жигнэсэн

Улаан гантай зун

Цантай жаварт нар гурвалсан

Цагаан зудтай өвөл

Хөдөө талыг ханын нүд шиг цоохорлон

Хөлдөж үхсэн адуу малын сэг,

Хухай хоосон бууцны хөлд зогсоод

Хувингаа бариад уйлж байгаа эзэгтэй

Балчир насны ой ухаанд

Баларшгүй ийм зураг үлдээгээд

Цагийн муу хүний муу хоёр

Цас шиг хайлан одсон юм.

Аяа, хөөрхий бага нас минь

Амьдралын цэгээхэн булаг уруу зориод

Ангаж цангаж явсан алс холын бүдэгхэн харгуй минь

Огторгуйн бүрхэгт түгсэн

Олон мянган од шиг

Он жилийн буданд төрсөн

Олон түмэн чацуутан минь,

Хатуу ширүүн хорвоод

Хань ижил минь болж

Хамт зовж өссөн та нартаа би хайртай.

ГУРАВ. МИНИЙ ШҮТЭЭН

Холын бүдэгхэн балчир цагийн минь

Хонин нэхий өлгий чи

Энэ хорвоод юуг шүттдэг вэ? гэж

Эзнээсээ одоо асуу.

Тохойн чинээ нялхад минь

Толгой дээр зүүлттэй байсан

Эсгийгээр хайчилсан үнэг чи

Эзнээсээ одоо чи асуу.

Дурсгалт та нарын эзэн

Дуурсах алдрын боол

Хувийн цэнгэлдээ дайсан

Хувьсгалт олондоо бол яруу найрагч.

Тэмэгээтийн овгийн Ринчений хүү

Тэмцлийн өчүүхэн байлдагч би

Шүтлэгтэн биш гэлээ ч

Шүтдэг ганц шүтээнтэй.

Огторгуй тэнгэрийг би шүтдэггүй

Олны хэл ам, хараал ерөөлийг би шүтдэггүй.

Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй

Нүгэл буян, бурхан чөтгөрийг би шүтдэггүй.

Би эмэгтэй хүнийг шүтдэг

Би эх хүнийг шүтдэг.

Би ээжийгээ шүтдэг

Би гагцхүү БИ гэдэг дотоод ертөнцийг минь

Биеийг минь хүчин чадлыг минь

Бишинд итгэх хүчин чадлыг минь бүтээсэн

Агуу тэр уран хүнд

Амьд зураг, амьд баримал, амьд дууг бүтээж

Бурхан багшаас ид чадлаараа давсан

Буурал үстэй бяцхан эмэгтэйд би сөхөрнөм.

Хүйтэн хатуу нэгэн үед

Хүн хэмээх цөгцтэй

Хүсэл хэмээх зул болж

Он жилийн шуурганд дассан

Олон олны нэг нь болсон энэ буурал эмээ

Ангийн тэмцлийн хөл доор алтан лиш цэцэг болж

Тэвчээрийн хураар тэжээгдэн ургасан

Тэр л олны нэг нь болсон энэ буурал эмээ

Чимээгүй улирах өдөр саруудыг

Чин үнэний амьд үсгээр бичсэн

Түүх хэмээх нүсэр зузаан номын

Түмэн хуудасны нэг нь болсон энэ буурал эмээ

Он цаг хүмүүс хоёрыг зовлон бүрхэж байх үеэр

Онгон залуу элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм.

Онгойн үлдсэн аавын минь орон дээр

Яруу найргийг бүүвэйлж өсгөсөн юм.

Учирсан бэрхийн өмнө унаж сөхрөлгүй

Улирсан өдрүүдийн хойноос уйлж унжилгүй

Хэлхээ сувдан нулимсаа

Бүүвэйн дуу болгож

Хэнтий нутгийн боржигоны тал дунд

Айлын ганц багана ыолж явахдаа энэ хүн

Арай ч ийм эмээ байгаагүй ээ.

Өнөө харахад намрын навч шиг өчүүхэн шар эмгэн гэлээ ч

Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг

Найгаж явсан үе энэ хүнд бий.

Найгаж дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад

Нас нь залуу, шүд нь бүрэн, ухаан нь саруул байхад

Нар шиг залуус сар шиг гэрэлд нь

Эрвээхэй шиг эргэж хоргож байхад

Алтан дэлхийн бүсгүй хүний

Адармаатай хувь заяа ард гаралтай энэ хүнээр

Арай хатуу тоглосон юм.

Гал дөл шиг залуу насны нь

Ган төмөр шиг бие цогцос

Ганган үзэмж онгон хайрыг

Гар таталгүй хайрласан мөртлөө

Хамтат нь бас хар толгойгоо цагаан болтол

Хайрын сэтгэлээр үүрд өнчрөх

Хатуу тавилан хайрласан байна.

Эрхим дотно ёс архичин шиг

Элдэвтэй хорвоо миний ээжийн

Элэг зүрхийг цөм өшиглөж

Эрий нь булааж, гэрий нь хоослоод

Энхрий үрийг нь тэврүүлээд

Ээрэм талын нэг өвөлжөөнд

Эргэж харалгүй орхисон байна.

Цаг өөр байж

Цагаан гурил үйтэн хуараас үнэтэй байж,

Цай алт шиг, тамхи мөнгө шиг байж,

Цатгалан панзчин эзэн хаан шиг байж,

Бугуйвч бөгжний нь оронд

Будааг шанагаар нь биш ширхэгээр нь тоолох дөхөж байж.

Ээмэг даруулганы нь оронд

Эрээн даавууг уутаар нь биш, утсаар нь хэмжих шахаж байж.

Тэгэвч монгол хүний цагаан сэтгэлийг

Тэр дайн, цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм.

Тэвчээр эхийн итгэл хоёрыг

Тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж чадаагүй юм.

Эрчүүдийн худал үнэн үгэнд орж

Эрдэнэ болсон залуу насаа худалдаагүй.

Эсгэж хуруугаа цоолж нуруугаа бөгтийтөл ажил хийж

Эргэх дөрвөн улиралд орон гэрээ ганцаараа тэжээв.

Ган халуун наранд амны ус авч ирэх гэж

Ганцаараа жаран шанагын хос торхыг тэмээнд тэгнэж

Дүн хүйтэн өвөл галд хийх түлээтэй болох гэж

Дүүрэн аргалтай тавин жингийн бургасан араг нуруундаа үүрэв.

Хүйтэн шөнө хотны цаана чоно улихад

Хүүхдээ айлгахгүйсэн гэхдээ өөрөө айгаагүй юм шиг сүхээ барин суув.

Хүний унаа гуйж үүр цүүрээр гэрээ ачааллан

Хүдэн татсан талд олон удаа ганцаараа нүүв.

Тэсэхэд бэрх салхи шуурганд чагтаганаасаа зуурч

Тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрт хүүхдүүдээ халхалж

Тэмээгээр орон газар очиж чихэр авчран

Тэр жилүүдэд биднийг юмаар дутаагаагүй.

Бид инээж баясаж элэг бүтэн өссөн

Биднээс нууж ээж минь хааяа уйлж өсгөсөн.

Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид хааяа аавыгаа нэхэж

Элэг зүрхний нь шархыг үе үехэн урж хөндөж өссөн.

Гэвч ээж минь амьдралд өвдөг сөхрөөгүй

Гэрийнхээ алтан багана нь болж

Гэргий хүнд зориулж эх хүний бүтээсэн

Гэрэлт хөшөө шиг бат зогссон юм.

Одоо больжээ зайлуул

Ой ухаан нь ч уймраа аймхай болж

Олон үгтэй, амархан гомддог, амархан баярладаг болж

Оочсон цайндаа цацадаг, идсэн хоолондоо зогисдог болж.

Үг хэлэхэд буруу дуулаад хадуурдаг болж

Үнс бужигнуулж, зуухны галд хөөрдөг болж,

Үүлэн сүүдэр дайрахад даардаг болж

Үдийн цай холдохыг даадаггүй болж.

Ийм хүн байгаагүй юм сан гэж

Ижийн тухай нутгийн хүмүүс өгүүлнэ.

Ийм хүн байгаагүй нь үнээн

Ийм болгосон хүн нь би байна.

Хатуу хорвоод хүн болох билээ гэж би

Хайр найргүй энэ хүнийг эвдсэн юм.

Халуун сэтгэлий нь үргэлж зовоон байж

Хар нялхаасаа өдий хүрлээ.

Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж

Гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй.

Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь

Тэнгэр шиг гүн нинжин сэтгэлтэйд нь

Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм

Энхрий сэтгэлтэн олон ч надад миний ижий шиг байгаа ч бил үү,

Эх хүн олон ч намайг миний ээж шиг хайрлаа ч бил үү

Эр бие эндэж тэнгэр тулмаар хэрэг дэгдээвч

Эрх багынх шиг минь уучланхан суудаг

Эвдэрч хүний нүдний булай болсон ч

Эрдэнэ мэт үр минь гэж энхрийлэн байдаг энэ миний шүтээн!

ДӨРӨВ. ГҮҮР

Тал сайхан нутгийнхаа

Ташуур шиг хатуу жавар доор

Сүүн шүдээ тас зууж

Сүх шиг биш ч гэсэн алх шиг болтлоо

Чийрэгжинхэн өссөн бага нас минь

Чин зоригийн ууган ир минь

Чимээ нь үгүй борхон толгод дунд

Чивчиртэл чангалсан хүслийн чавхдас минь

Бусад хэний ч дуулаа нь үгүй дууг

Буруу ч гэсэн өөрөө дуултугай!

Булгих морины цахилах загас шиг нуруун дээр

Тогтохгүй ч гэсэн мордтугай гэж

Зарлиг тушаал өөртөө тулгаж

Залуу насны босгыг алхав.

Замбуутивийн хүсэл хяслын далайд

Загас нь болж шумбанхан оров.

Сумын бага сургуулийн дөрөвдүгээр ангид

Сууж байсан ширээ, үзэж байсан ном

Сурлагаа дүгнүүлсэн хөх алаг дэвтрүүд

Сугалдаргалан зүүдэг даавуун цүнхээ

Тэр хавар үүрд орхисон гэлээ ч

Тэрлэг малгай хоёроо сольж чадалгүй

Арван таван насыг ардаа хийсэн гэлээ ч

Ангархай гутлаа шинэчилж амжилгүй

Дугар өвгөний хойгуур урдуур

Дуу дууланхан давхих болсон юм.

Дурлалын харанга зүрхэн тольтноо

Думаа Думаа гэж цохилсон юм.

Думаа тэгэхэд аравхан хэдтэй

Дусал нулимс шиг ариухан тунгалаг,

Инээд шиг цайлган цагаан

Ичимхий нэгэн охин байсан юм.

Хүйтэн хорвоод түймэр тавих

Хүний нэгэн нүгэлт үр би

Хүүхэд насыг нь тоогоогүй мөртлөө

Хүүхэн зүсийг нь олж харсан юм.

Хөлний нь майгыг мартсан байтлаа

Хөмсөгний нь сайхныг мартаа нь үгүй,

Дурлалын нь үгийг дуулаагүй мөртлөө

Дурсгалын алчуурыг нь булааж авсан юм.

Майгахан Думаагийн араас нь дагаад

Майхан, тогоо, хүрз, зээтүү

Манарсан шороо тунарсан ажил

Мань бүхний нуруун дээр ирсэн юм.

Хад чулуу уулнаас татаж

Хашаа барьж худаг гаргав.

Халуун наранд шарагдан байж

Хадлан хадав. Агт тамгалав.

Өвөл нь захиргаа, сургууль, эмнэлэгт

Өрхөө төлөөлж түлээ бэлтгэв.

Өртөө хийж улаа нэхэв.

Өлсөж, халууцаж, даарч сурав.

Эхнэр хүүхэдтэй хонь хяргаж

Эмгэд өвгөдтэй ямаа самнаж

Айл нүүлгэлцэж, идэш хийж

Асрын өмнө барилдаж ч үзэв.

Аймаг алгасаж, нутаг нугалж

Албан журмын ажилд ч хөөгдөв.

Ачаатай тэмээг эрхний хэлхээ шиг хөтөлж

Алс хязгаарт жин тээж ч үзэв.

Торойн барайх уулыг хэдэн өдрөөр

Тодорч бүдгэрэх замыг хэдэн сараар дагаж,

Тоомсоргүйхэн алхах атан тэмээний алхааг

Тоолох мэт дунхалзаж явахдаа

Дуулаагүй дуу, бодоогүй бодол

Дурсах сэтгэлд үлдээ нь үгүй.

Дуусаагүй тууж тийнхүү эхэлж

Дуулим хорвоог тунгааж бодсон юм.

Хорвоо хорвоо гэвч

Хоосон сөхрөх хэрэггүй.

Хоёр хөлтэй ч хүн гэлээ

Хорвоог туулдаг ёс байна.

Далдирч сөхрөөд байвал хатуураад байдаг хорвоо

Дайрч тулаад байвал зөөлрөөд байдаг хорвоо.

Чичирч халшраад хэвтвэл хүнийг мал болгох хорвоо

Чин зоригийг барьвал хүнээс илүү ч үгүй хорвоо.

Эцэг өвгөдийн урьдаас хорвоо чамтай тооцож

Энэ бидний үе хожлоо авах гэж ирлээ.

Тэмээн жингийн зам дээрээс

Тэмтэрч түүсэн бодол

Цэл залуу насны минь

Цээжинд буцалсан үгэс

Омогдуухан хэлбэл орчлонд өргөсөн тангараг

Одоо хэлбэл онгон багын солиорол.

Тэгэвч энэ бодол минь

Тэмээн жингийн зам дээр

Цуварч үлдсэн хорголтой

Цугтаан хөдөө гээгдээгүй.

Ажлын хувцсан доор өсөх

Алд биетэй минь цуг

Анги нийгмийн тайзан дээр

Алхаад гарч ирсэн юм.

Баталсан батлаагүй хуулиар хүнийг муутгаж сурсан

Бага бууны ам шиг хүйтэн харцны өөдөөс

Нуруу бөхийх нь байтугай

Нулимаад өнгөрөх зоригтой

Нуршиж яншихын оронд

Нударгаар ярилцах чадалтай,

Цадиггүй ийм үе цагийг эзлэн өндийв

Цадиггүй хирнээ хоргүй цагаан хүүхдүүд байв.

Ажлын хүндээс айгаагүй

Амины цэнгэл хөөгөөгүй.

Амтат жаргал гуйгаагүй

Алив бодлоо нуугаагүй.

Хуудуугүй миний нэгэн үе

Хувьсгалын дотроос хувьсгал билээ.

Хувиран урсах он жилүүдийн их мөрнийг алхаж

Хуучин шинэ хоёрыг холбосон гүүр болон үлдэж билээ.

Энэ гүүрээр өнөөгийн бидний үе

Эзэнт улсын хар нутаг дээр гарч ирсэн юм.

Энэ гүүрээр хойчийн та нар

Эрх чөлөөний гэгээн гэрэл өөд гарч очсон юм.

ТАВ. МИНИЙ МАЙГАХАН ДУМАА

Хүний сайхан үр миний майгахан Думаа

Цастай талын савслаганд цангинаж үлдсэн инээд минь

Хөвүүн бага л насны минь хөнгөн баяр гуниг минь

Хөдөөгийн хөх салхинд хөдсөнд боолттой өссөн

Дугарын охин Думаа минь,

Дурлал гэдэг үгийг дуулсан дуулуулсан хоёр

Дун цагаан сэтгэл минь энэ л насны хавраар ургасан

Эх л нутгийн минь яргуйхан минь

Амьд хайрт минь шагнасан од минь

Монгол гэрт заяасан цэгцгүй шүлэг минь

Морин дэл дээр ассан цөгцгүй зул минь

Он оны салхинд бөхөө болов уу яагаа бол,

Онгон багын ир нь мөхөө болов уу яагаа бол.

Аяа миний майгахан Думаа

Аравхан хэдэн насны минь

Алтанхан үеийн өглөөгүүр

Азаар учирсан амраг минь.

Сэвэн дэвэх хөмсгөөрөө

Сэтгэлийн минь өрхийг татаж,

Сэргэлэн хар нүдээрээ

Зүрхний минь галыг асааж,

Шинэхэн залуу насны минь нээгдээ нь үгүй хаалгыг

Шивнэн хэлсэн үгээрээ нижигнэтэл балбасан хонгор минь

Ухаан бодлын минь хоймор

Ууган хайрын минь дэвжээ.

Хүүхэн хүний өлмий хүрээ нь үгүй хивсэн дээр

Мөрөө анхан гаргаж мөнхөд үлдсэн тэр минь

Мөнгөн хонх шиг инээдээрээ хүүхэд нойры минь сэрээж

Халуун уруулаар тамгалсан хайрын зарлан дуудахыг

Хорвоогийн өмнөөс гардуулсан

Хорь хүрээгүй янаг минь,

Дуулим талын сарнай

Дугарын охин Думаа минь.

Дулаан хүйтний зааг дээр

Дуугарч ургасан цэцэг минь.

Намар намрын салхинд гандаа болов уу, яагаа бол

Зүггүй багахан насны минь

Зүүд шиг тэртээ намар

Зүрхний халуун хайрын

Зөн сайхан өдөр

Сумын бага сургуулийн

Сурагчид бүртгэх гэрт

Анхан зүсээ харалцсан

Алд хүрэхгүй охин

Санжаажамц гуайн хийцний

Сарьстай булигаарин гуталтай

Саатай туушин сүлжсэн

Салаа годгор гэзэгтэй,

Хөнхөр борхон духтай

Хөлс бурзайсан хамартай

Цоолчихсон юм шиг нүдтэй

Цоохор даавуу тэрлэгтэй,

Ийм л нэгэн жаал

Ирж л байсан нь илхэн,

Ижий бид хоёрыг

Харж л байсан нь тодхон.

Нуруу гэвэл би хуруу өндөр байсан

Нутаг гэвэл бид хойт урд баг,

Дөрвөн цагийн хичээл дөнгөж дуусах сацуу

Дөрөөн дээрээ өндийж гэр гэр өөдөө давхина.

Давхин давхисаар бид эмээл дээрээ өсөв

Дарвин дарвисаар бид эхний сургууль төгсөв.

Эхний сургууль баяртай гэж хэлж амжаагүй байтал

Эхний дурлал сайн уу гэж хэн хэний маань цочоож

Майхан Дугарын гадаа халиун морийг минь чичрүүлэв

Майгахан Думаагийн дэргэд бас халуун биеийг минь чичрүүлэв.

Улаарч чинэрсэн царайтай

Уруугаа харсан нүдтэй

Уруул ам нь өмгөлтсөн

Урьд шөнө нойргүй хоёр

Нүдтэй бүхний нүдэн дээр

Нүцгэн юм шиг содон байх

Нүгэл хийснээ нуух гэж дэмий мэрийж байв.

Ууган дурлалын дугарааг

Учир мэдэлгүй хиртээсхийж,

Оломгүй цэнгэлд ташууран

Орчлонг мартсан хоёр.

Алаг толгойн билчээрт цэцэг дэлгэотэл инээлдэж

Ар сайрын худаг дээр лус баярлатал хөрөлдөж

Дүлий Нэрмаа хөгшнийд зул бөхтөл шуугилдаж

Дөмбөгөр борхон гэрт нь үүр гийтэл инээлдэж

Тоотой хоногийн явдалдаа

Тоогүй хэцүү дассансан,

Хэтэрхий адгасан янаг

Хэврэг гэдэг үнэн юм.

Эрвээхэйн хоёр далавч шиг

Эрвэж дэрвэсэн хоёр,

Эрээн бараан амьдралын

Эхний шалгалтанд унасан юм.

Үнэнч эсэхээ сорилцоод

Үг үгээ даасангүй.

Эрх хүүхэд шиг тунилцаад

Эвлэрч буцаж чадсангүй.

Болчимгүй бага насны

Бодлогогүй зөрүүд зан,

Өрөөлөө уйлуулах гэсэн нь

Өөрөө уйлахад хүрлээ.

Нэгэнт гомдсоноос хойш

Нэрэлхүү зан нь дийлж,

Шазруун заримы нь дуурайж

Шаралхаж хоролхож явтал

Хотол олны амьдрал

Хоёр хүүхдийг хүлээсэнгүй.

Холын зам тушааж

Хоёр тийш нь туув.

Салахын ёсыг ч хийлгүй

Санаа алдан одов.

Сайхан дурлалын цэцэг

Салхинд тасран хийсэв.

Хүний амьдрал хэмээх

Хөлгүй их далайн

Хүйтэн халуун дээжийг

Хүртэж анх амссан

Усаар ховорхон талын минь

Уудам цэнхэр мандал,

Модоор хомс нутгийн минь

Морь мал шиг чулуу

Буянт малаа дагасан

Будант багын онууд

Буурлын ерөөл сонссон

Боржигон найрын ёсон

Үеийн нөхөдтэй бужигнасан

Үлгэрийн орны жаргал,

Сайдаж муудаж дассан

Сайхан сэтгэлт түмэн

Хүлгийн дөрөө дөрөөлсөн

Хөдөөгийн алтан дов,

Хөөрхий Думааг гомдоосон

Хөх дэрстэй хаваржаа.

Зуны шөнийн зүүд шиг

Зуурдхан цэнгэл минь баяртай!

Зулын бяцхан гол шиг

Эмзэгхэн чи минь баяртай!

Аяа миний майгахан Думаа

Арванхан хэдэн насны минь

Алтанхан үеийн өглөөгүүр

Азаар учирсан амраг минь

Нутгаас холдох тутам

Нууцхан гуниг хүндэрч,

Хоног өнгөрөх бүр

Хонгор сэтгэл өнчирч

Хүний нутгийн замд санан санан явлаа даа

Хүйтэн халуун шөнүүдэд зүүдлэн зүүдлэн явлаа даа.

Харь нутгийн хүүхний хайлсан алт шиг аашинд ч

Хангайн согоо шиг дуучны хангинах сайхан хоолойнд ч

Умар зүгийн дагинын уйлан тачаах нулимсанд ч

Улсад цуутай бүсгүйн усан тэлмэн харцанд ч

Нутгийн жаахан Думаагаа эрээд эрээд олсонгүй

Нууцхан хэлдэг үгсий нь чагнаад чагнаад дуулсангүй.

Дуугарч ургасан сарнай

Дуулим дэлхийд зөндөө ч

Дугарын охин Думаа

Ганцхан ширхэг юмсанжээ.

Хөвүүн багын минь дурлал

Хөдөөгийн майгахан Думаа,

Хөгжөөн ихтэй замбуулингийн

Хаахна зайд нь яваа бол доо.

Монгол гэрт заяасан цэгцгүй шүлэг минь

Морин дэл дээр ассан цөгцгүй зул минь,

Он оны салхинд бөхөө болов уу, яагаа бол,

Онгон багын ир нь мөхөө болов уу, яагаа бол?

Томоогүй нулимсаа дахиад гаргаа болов уу, яагаа бол,

Тохитой ханиа олоод жаргаа болов уу, яагаа бол?

Хотгор сайхан нуруу нь бөхийгөө болов уу, яагаа бол,

Хонгор сайхан царай нь бүрийгээ болов уу, яагаа бол?

Багын цовоо инээд нь барагдаа болов уу, яагаа бол

Багахан нусгай жаалд дарагдаа болов уу, яагаа бол?

Амьдрал гэдэг хатуу, амраг сэтгэл зөөлөн

Хорвоо гэдэг том, хонгор Думаа жаахан даа.

Гуниг амссан зүрхний

Гучин өвлийн зүүд минь,

Миний майгахан Думаа

Хүний жаахан үр минь ээ!!!

хэмээсэн үүнийг орос бичгийн машинаар цохисон, олон жил хүн хард уншиж соносгож байсан болов уу гэмээр ихэд навтарших тийшээ орж, элэгдэж үнгэлэгдсэн алдаатайхан бичсэн эхийг нь Чойномын дотны нөхөр Íàðìàíäàõ өгсөнийг хирээрээ хичээнгүйлэн буулгаж тавьлаа. Мэргэдүүд алдаа оноог нь засч үзнэ үү. Зурмал зургийг нь хавсаргав. “Дал” сонинд өгсөн боловч гараагүй бололтой дог оо. Гарсан бол уучлаарай.

2009-04-17 О. Бүүвэй

REMEMBER THAT THE JOURNEY of A THOUSAND
MILES BEGINS WITH A SINGLE STEP

ХАМГИЙН УРТ УЖИГ ХОЛЫН АЯН ЗАМ Ч ГЭСЭН ЦОРЫН ГАНЦ АЛХАМААС ЭХЭЛДЭГ ГЭДГИЙГ САНАМУУ, ТА

(МАРТУУЗАЙ)

YOU WANT TO STUDY ENGLISH. EVERY JOURNEY
BEGINS WITH A SMALL STEP

ТА ИНГ ХЭЛ ҮЗЭХИЙГ ХҮСЧ БАЙГАА. АЛИВАА АЯН ЗАМ НЬ ӨЧҮҮХЭН НЭГЭН АЛХАМААР ЭХЭЛДЭГ

“СДЕЛАЙ ПЕРВЫЙ ШАГ – ЯСЕН СТАНЕТ
СЛЕДУЮЩИЙ”.

Кен Робертс, “Секрет богача”

“ЭХНИЙ АЛХАМАА Л ДАВААДХА – ДАРААХИ НЬ ТОДОРХОЙ БОЛНО”.

Кен Робертс, “Юмжсан хүний нууц” номоос

Инг хэл гэдэг нэг их том уул хангай алс холоос зэрэглээн дунд цэнхэртэн хөвөлзөж, нэг ил гараад л, нэг далд ороод л байх вий. Тэр уул ус руу очих эхний алхамаараа та мөрөө гаргасан ажээ. Ямар ч ажлыг хийхэд эхний мөрөө л гаргах нь чухал гэдгийг сануулсан санаа юм байна. Заавал хэл энэ тэр гэхгүй. Ямар ч ажил байж болно.

No comments:

Post a Comment